Home Нийгэм Өмнөговьд Байгаль, түүхийн музейн ерөнхий төлөвлөгөө, үзүүллэгийн үндсэн чиглэлийг батлууллаа
Нийгэм - June 3, 2019

Өмнөговьд Байгаль, түүхийн музейн ерөнхий төлөвлөгөө, үзүүллэгийн үндсэн чиглэлийг батлууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн 3.2.49.1-д Өмнөговь аймгийн музейг шинээр барихаар заасан. 2018-2019 онд Өмнөговь аймгийн Говийн хөгжлийн сангаас 6,6 тэрбум төгрөг төсөвлөж музейн барилга баригдаж байна.

Үүнтэй уялдан музейн үндсэн чиглэл, үзүүллэгийн төлөвлөгөө боловсруулж, батлуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Соёл, урлагийн газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/12 тоот тушаалаар байгуулан ажилласан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн музейн үндсэн чиглэл үзүүллэгийн төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах ажлын хүрээнд орон нутагт судалгаа хийх, музейн үзмэр судлах, судалгааны материал цуглуулах, нэгтгэх, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэж, Музейн үндсэн чиглэлийг боловсруулан Музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага MNS-5634 Монгол Улсын стандартын 14.1-д заасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамаар баталгаажуулах төслийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн нутгийн удирдлагуудад танилцуулж, хамтран санал хүсэлтээ ярилцсан.

Улмаар энэхүү “Байгалийн түүхийн музейн үндсэн чиглэл, үзүүллэгийн төлөвлөгөө”- г Ажлын хэсгийн боловсруулсны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг баталгаажууллаа.

Музей байгуулах нийтлэг шаардлага, ач холбогдол

1. Эрт галавын амьтны өлгий нутаг, ашигт малтмалын уурхай болсон Өмнөговь аймгийн өөрийн өвөрмөц байдлыг харуулсан палеонтлоги, байгалийн баялаг ашигт малтмалыг гол болгохын зэрэгцээ тухайн бүс нутагт олон зуун жил амьдарч ирсэн ард түмний баатарлаг түүх, угсаа соёлын асуудлыг цогцоор нь тусгасан Байгалийн түүхийн музей байгуулах шаардлага өнөө цагт бидний өмнө тулгараад байна. Иймд бид говийн байгалийн онцлог, говийн ард түмний түүхэн уламжлалыг хадгалж хамгаалдаг, өв соёлыг иж бүрдүүлэн судалдаг, түгээдэг, шинжлэх ухааны үндэслэлтэй, үзүүллэг дэглэлтэндээ техник технологийн дэвшилтийг ашигласан, төгс гүйцэтгэл бүхий дизайнтай, агуулгын нэгдэл бүхий дэлхий жишигт нийцүүлсэн музейн шинээр байгуулах

2. Музей, орон нутаг судлах танхим, судалгааны байгууллагуудад байгаа Өмнөговь аймгаас олдсон палеонтлогийн олдворууд, байгалийн ашигт малтмал, ан амьтан, аймаг, хошуудын түүх, сүм хийд, говиос төрсөн алдартнууд, уламжлалт ахуй, соёл зэрэгтэй холбоотой мэдээ, мэдээлэл, архивын баримт бичиг, ховор гэрэл зураг, биет үзмэр эд өлгийн зүйлсийг бүртгэж нэгдсэн сан үүсгэхийн зэрэгцээ тус музейд зарим чухал шаардлагатай үзмэрүүдийг худалдан, шилжүүлэн авах, хуулбар хийх, хадгалалт хамгаалалтын асуудлыг анхнаас нь цогцоор шийдвэрлэх

3.Байгалийн музей байгуулснаар гадна, дотныхонд говийн байгалийн баялаг, хүн зоны түүхийн талаар цогцоор нь үнэн зөв мэдээллийг хүргэхийн зэрэгцээ говь нутагт өнөөдөр тулгамдаж буй цөлжилтийн асуудал түүнтэй уялдан гарч буй бэлчээр, ургамал, байгалийн ашигт малтмал, ан амьтны нутагшилт, нутгийн иргэдийн хоол хүнс, өвчлөл, боловсрол зэрэг олон асуудалд хариулт өгч туслах, төр засгаас дорвитой арга хэмжээ авах

Энэхүү Байгалийн түүхийн музейг байгуулснаар:

1. Ард иргэдийг түүний дотроос хүүхэд залуучуудын ухамсарыг дээшлүүлэх, түүх, соёл, өв уламжлалаараа бахархах үзлээр хүмүүжүүлэх;

2. Иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх таатай орчинг бүрдүүлэх;

3. Монгол улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадад өөрийн орны түүх соёлын нэгээхэн хэсгийг сурталчлан таниулах;

4. Эдийн засгийн хөгжлийн шинэ шатанд гарч буй улс үндэстний хамгийн эхэнд өөрийн орны түүх, соёлыг харуулсан музей байгуулдаг жишгийн дагуу энэхүү бүтээн босголтыг хийх нь цаг үеэ олсон чухал ажил хэмээн үзэж байна.

Өмнөговь аймгийн музейн өнөөгийн байдал:

Өмнөговь аймгийн музей нь 1948 онд аймгийн Гэгээрлийн хэлтсийн конторт Мандал-Овоо сумын нутаг “ Адуун цохио” –ны утаат болорын дээжүүд, тэр хавиас олдсон аварга гүрвэлийн чөмөгний чулуужсан булуу зэрэг 50-д ширхэг үзмэртэй орон нутгийг сурвалжлах кабинет нэртэйгээр анх зохион байгуулагдсан нь одоогийн аймгийн музейн суурь тавигдсан явдал юм. 1951-1958 оныг хүртэл нийтийн номын сантай хамт байрлан үзмэрийн тоог 100 гаруй төрлөөр олшруулан орон нутгаа судлах, сурталчлах үзмэр цуглуулах ажлыг голлон гүйцэтгэж иржээ.1957 онд аймгийн намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр аймгийн прокурорын контор байсан 7 тасалгаа бүхий жижиг барилгыг засварлан тохижуулж аймгийн УААН-н үзэсгэлэн, орон нутгаас цуглуулсан байгалийн баялаг, түүхийн дурсгалын зүйлийг хамтатган зохион байгуулж ОНС кабинет болгон өргөтгөсөн юм. МАХН-ын ТХ-ны улс төрийн товчооны 308-р тогтоолыг удирдлага болгон ажиллаж ОНС музей болох бэлтгэлийг хангахад аймгийн намын хороо, БНМАУ-ын Соёлын яам онцгой анхааран 1968, 1969 онуудад 500.000 төгрөгний төсөв хөрөнгөөр санхүүжигдэн шинээр өргөтгөсөн 2 давхар байранд орж тоног төхөөрөмжөөр хангагдан үзмэрээ байгаль, түүх гэсэн 2 хэсэгт дэглэн зохион байгуулж ажиллав.Түүнээс хойш үзмэрээ нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч жил бүр төлөвлөгөөтэй үзмэрээ баяжуулан нэмэгдүүлсээр ирсэн.

Тус аймагт 1975 онд болсон тэргүүний тэмээчдийн анхдугаар зөвлөгөөнөөр Тэмээний аж ахуйн үзэсгэлэн 1985 оноос Ёлын аманд Байгалийн музей гэсэн төрөл чиглэлээр музейгээ өргөжүүлэн жилдээ гадаад дотоодын 40000 гаруй үзэгчдэд соёлын үйлчилгээ, сурталчилгааны ажлаа явуулж байна. Тус музей нь 2 давхар бүхий угсаатанзүй-түүхийн музей дэргэдээ Тэмээний үзэсгэлэн, Ёлын аманд байрлах Байгалийн музей гэсэн салбартайгаар ажиллаж байна.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Төрийн гурван өндөрлөг соёолонгийн тоос хүртлээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан соё…