Home Нийгэм Л.Ролзодмаа: Ерөнхийлөгч “Зүгээрээ, нэг мөсөн хоёр гутлаа тайлчихгүй юу” гэж хөгжилтэй хэлэхэд нь тайвширсан
Нийгэм - June 4, 2019

Л.Ролзодмаа: Ерөнхийлөгч “Зүгээрээ, нэг мөсөн хоёр гутлаа тайлчихгүй юу” гэж хөгжилтэй хэлэхэд нь тайвширсан

Өнгөрсөн амралтын өдрөөр тохиосон Эх үрсийн баяраар Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд Алдарт эхийн 1,2 дугаар одонг Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгсөн билээ. Энэ үеэр Алдарт эхийн 2 дугаар одон хүртэж буй  нярайн эмч мэргэжилтэй Л.Ролзодмаагийн гутал сугарч, сандарч мэгдэн, энгэртээ одонгоо зүүж буй агшин олны хайрыг хүртсэн. Тэрбээр ЭХЭМҮТ-д нярай эмчээр ажилладаг бөгөөд одоогоор уртын амралтаараа хоёр нас хүрэх гэж буй бага хүүгээ харахын хажуугаар нэгэн хувийн эмнэлэгт мэргэжлээрээ түр ажиллаж байгаа аж.

Бид түүнтэй нярайн эмч гэх хариуцлага өндөртэй мэргэжлийнх нь талаар, өнөр өтгөн айл гэрийнх нь тухай, түүний мэргэжил боловсрол, үзэл бодлыг нь хуваалцахын сацуу Төрийн ордонд болсон хөгжилтэй явдлынх нь учгийг тайлуулан “Move on” ярилцлагын булангийнхаа анхны зочноор урилаа.

ЗУРГААН ЖИЛ  СУРАЛЦАЖ ТӨГСӨӨД, АЖИЛД ОРООД ХҮҮХДЭЭ ТӨРҮҮЛЖ БАЙЛАА

-Та манай уншигчдад өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ танилцуулна уу?

-Намайг Лувсанбүдийн Ролзодмаа гэдэг. Би 1980 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Манай аав эмч, ээж маань багш мэргэжилтэй. Би 1998 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд элсэн орж 2004 онд хүний их эмч болон төгсөөд, 2006 оноос хойш нярайн эмчээр ажиллаж байна.

Манайх ам бүл зургуулаа, өнөр өтгөн сайхан айл болж байна. Нөхрийг маань Энхтөрийн Оргилболд гэдэг. Улаанбаатар төмөр замд Замын Хоёрдугаар ангид Замын оношилгооны төвийн  инженер . Том охин маань 14  настай, харин бага хүү минь хоёр настай. Том охин Саруулбилиг маань Хоёрдугаар сургуулийн наймдугаар ангид суралцдаг, хоёр дахь охин маань Оюунбилиг мөн сургуулийн зургадугаар ангид, гурав дахь охин Номуунбилиг маань мөн л хоёрдугаар сургуульд хоёрдугаар ангиа төгслөө. Хоёр настай хүү Баттүвшингээ хараад гэртээ байна.

-Та мэргэжлээ дээшлүүлсэн үү?

-Бид ЭМШУИС-ийг ерөнхий мэргэжлийн эмчээр төгсөөд, ахиад 2 жил хүүхдийн эмчийн резиденсд суралцаад ахин зургаан сар нярай эмчийн курст суралцаж нийт есөн жил суралцаж байж эмч болж буй юм. Үүнээс гадна ажиллах явцдаа олон сургалт семинарт хамрагддаг. ЭХЭМҮТ эмч нараа тогтмол гадаадын эмнэлэг, сургуульд урт богино хугацаагаар явуулж мэргэжил дээшлүүлдэг. Нодинон  Италийн UNITELMA SPIENZA сургуульд онлайнаар суралцаж Нярайн эмчийн курс төгссөн.

-Та оюутан байхдаа анхны охиноо төрүүлж байв уу? Эсвэл ажил дээр гарсан хойноо юу?

-Яг анагаахын сургууль төгсөөд л гэр бүлтэй болж  том охин маань 2005 онд төрсөн. Энэ хугацаандаа өрхийн эмчээр 6 сар ажилласан.

-Бүтэн есөн жилийг эмч болохын төлөө суралцаж, хүссэн мэргэжилдээ сая нэг хүрээд л эмэгтэй хүний үүрэг хариуцлагын дагуу үр хүүхдээ төрүүлэх, тэднийгээ өсгөх хайрлах гэх давхар хариуцлагатай учирдаг. Та энэ хариуцлагатай нүүр тулж байсан 2005 оноо эргэн дурсвал?

-Би 2005 онд дөнгөж эмч болчихоод л, яг л ажиллая гэж бодож байсан үе минь. Тухайн үед надад ажлын туршлагатай болох чухал, суралцах чухал байсан ч гэр бүлээ зохиочихсон тул үр хүүхэдтэй ч болохыг хүссэн. Бүгдийг л аль болох амжуулах гэж хичээсэн, зүтгэсэн. Үүнийхээ дүнд өнөөдөр ажлаа ч хийгээд, ар гэрээ ч авч явсан хэвээр байна. Гэхдээ энэ бол зөвхөн миний хөдөлмөр биш. Миний хань, ээж нар, аав нар бүгд л маш их тусалж дэмждэг учир энэ бүхнийг зэрэг амжуулж чадаж байгаа юм.

-Та анхны хүүхдээ төрүүлснийхээ дараа ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?

-2006 онд Гуравдугаар амаржих газар буюу Амгалан амаржих газарт нярайн эмчээр ажилд орж, 2010 оноос хойш ЭХЭМҮТ-д ажилд орсон.

ӨВДСӨН ХҮҮХДЭЭ АСУУХААР ИРДЭГ ЭЭЖҮҮДЭД “ХҮҮХЭД ЧИНЬ ӨНӨӨДӨР МАШ САЙН БАЙСАН” ГЭЖ ХЭЛЭХ ГЭЖ ЯАРДАГ МЭДРЭМЖ МИНЬ САЙХАН

-Таны амьдралын замналыг харахад ажил, амьдрал бүгд л хүүхэдтэй холбогдсон байх юм. Дөнгөж хорвоотой мэндэлж буй нярайг өдөр бүр гар дээрээ тосон авахаас эхлээд, өөрийн үр хүүхдүүдийг ч төрүүлж өсгөн “Одон”-д хүрсэн байна. Та эмч хүний хувьд хүүхдэд хэрхэн хандахыг чухалчилдаг вэ?

-Хүүхэд бол бурхны бэлэг, хорвоогийн хамгийн ариухан нь. Тэр тусмаа дөнгөж мэндэлж буй нярай хамгийн хөөрхөн. Нярайн эмч гэдэг мэргэжил минь маш сайхан учраас би бүр зорьж байж энэ мэргэжлийг сонгосон. Нярайн эмч хүн хүүхдийг ээжээс нь илүүтэй хайрлаж, харж байж зовиур шаналгааг нь, юу нь болохгүй байна гэдгийг ойлгож мэдэх шаардлагатай болдог. Нярай хүүхдийг үзэхэд нэлээд туршлага, арга барил хэрэгтэй. Тэгж байж л тэр хүүхдэд зөв онош тавьж, эмчилнэ. Чин сэтгэлээсээ хандах нь хамгийн чухал.

-Та ажлын байран дээрээ өдөрт хэдэн шинээр төрж буй нярайг гар дээрээ авч, үзлэг хийдэг вэ?

-Манай ЭХЭМҮТ-ийн нярайн тасаг бусад төрөх эмнэлгүүдтэй харьцуулахад их онцлогтой. Ихэвчлэн улс орон даяар хүндэрсэн болон эрсдэлтэй жирэмсэн, дутуу төрж байгаа эхчүүд ирж амарждаг. Тэр ээж нараас төрсөн хүүхдүүд мэдээж эрсдэлтэй бүлэгт багтана. Энэ л эрсдэлтэй фронтод бид ажилладаг. Манай нярайн нэгдсэн тасаг дотроо 3,4 хэсэгтэй. Хүүхдийн эмнэлгийн Нярайн эрчимт эмчилгээний тасаг, Хүүхдийн эмнэлгийн Нярай эмгэг судлалын тасаг,Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгт байдаг Нярай судлалын тасгийн эрчимт эмчилгээний хэсэг, Төрөх тасгийн болон төрсөний дараах нярайн хэсэг, Хүүхдийн зөвлөх поликлиник дээр амбулаторийн тусламж үзүүлдэг Нярайн кабинет гэсэн  хэсэгтэй нэлээд том тасаг. Аль тасагт ажиллаж байгаагаас хамаарч үзэх хүүхдийн тоо өөр өөр байдаг. Сэхээний тасгуудад маш хүнд 2-6 хүүдэдтэй ажиллдаг бол, бусад тасгуудад 10-30  хүүхдэд тусламж үзүүлдэг.

-Эрсдэлтэй фронт гэснээс нярайн эмч хүн мэндэлж буй шинэ хүнийг цаашид хэрхэн амьдрах вэ гэдгийг шийдэх анхны алхмыг нь хийдэг байх. Хүний амьдралыг шийдэх мэт тэр торгон мэдрэмж ямар байдаг вэ?

-Маш хүнд байсан хүүхэд сэхээд л,  хүчилтөрөгчийн хэрэгцээгүйгээр өөрөө хэвийн сайхан амьсгалдаг болох тэр үе хамгийн сайхан. Бид хүүхдийн эцэг эхтэй нь л адилхан, хүүхдийн баас шээсийг хараад баярладаг улс. “Ёстой гоё баас байна, одоо л гоё бааж байна” гээд л суудаг. Хүүхэд гэдэг эмчлэхэд их урамтай, сайжирхаа хүрвэл амархан сайжирдаг. Эдгэрсэн хүүхдийн ээж нь баярлаад л, нүд нь сэргээд л харц нь тэс өөр болохыг харах сайхан. Хүнд байсан  хүүхэд сайжирахад ээжийг нь хурдан ирж асуугаасай гээд сэтгэл догдлон хүлээж суудаг. “Танай хүүхэд чинь өнөөдөр намайг баярлуулаад л байж байна” гэж хэлэх гэж яардаг мэдрэмж минь ч их сайхан.

-Нярай төрөхдөө биеийн байдал хүндрэх, өвчлөх шалтгаанууд ихэвчлэн юу байдаг вэ?

-Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө гэдэг л яг үнэн. Жирэмсэн болохоор төлөвлөж байгаа, нөхөн үржихүйн насанд ирсэн эмэгтэйчүүд өөрийгөө ирээдүйд ээж болно гэдгийг сайтар ухамсарлаж, тогтмол үзлэг, шинжилгээнд хамрагдаж байх нь зөв. Жирэмсний хяналт маш их чухал. Эрүүл ээж сайн хяналтанд байж байгаад төрвөл хүүхэд ч мөн эрүүл л байна.

Төрсний дараа бас анхны тэврэлт, хөхөөр хоололт гэдэг маш чухал. Хамгийн анх дөнгөж төрчихөөд ээжийнхээ арьсанд арьсаараа шүргэлцэхэд бусад эмгэгт хүргэгч нянгаар халдварлагдахаас сэргийлэгдэж, ээжийнхээ нянгаар хамгийн түрүүнд бүрхэгддэг.Тэр л анхны тэврэлт, уураг амлуулалт хамгийн чухал мөч. Түүнийг л зөв үед, хугацаанд нь хийх ёстой. Эхний нэг цагийн дотор хөхөө амлуулаад, арьс арьсаар шүргэлцчихсэн хүүхэд цаашид эрүүл өсөж бойжино гэхэд болно.

ГУРАВ ДАХЬ ОХИН МИНЬ “ХЭРЭВ БИ БАЙГААГҮЙ БОЛ ТА ОДОН АВЧ 
ЧАДАХГҮЙ Л БАЙСАН ШҮҮ ДЭЭ” ГЭСЭН

-Ийм сайхан мэдрэмжүүд авахаас гадна эсрэгээрээ хэцүү, харамсалтай үеүдтэй та бүхэн тулгардаг байх. Хүнд сэтгэлзүйтэй байгаа эцэг эхчүүд та бүхэнд буруу тохох зэрэгт та бүхэн хэрхэн хандаж, хэрхэн даван туулдаг вэ?

-Эмч хүн тусламж үзүүлэх ёстой. Гэвч яаж ч хичээгээд болохгүй үе гэж байдаг. Хүүхдээ алдсан эсвэл мэс засал, хагалгаанд орох, төрөлхийн гажигтай төрөх зэрэг хүндрэлүүд хэцүү. Төрсний дараах эх хүн сэтгэл санааны хувьд маш их хямралтай байдаг. Ийм үед нь бид сэтгэлзүйг нь бэлдэж, хүүхдийн биеийн байдлыг тайлбарлаж, ойлгуулах гэж их хичээдэг. Бидэн рүү шууд дайрч хандах тохиолдлууд ч бий, олны дунд янз бүрийн хүмүүс бий. Тэр бүрт эмч хүнд тэвчээр хэрэгтэй. Нярайн эмчийн өвчтөн нь нярай хүүхэд байдаг. Гэхдээ бидний харьцдаг хүн нь түүний ээж аав, ар гэрийнхэн нь байдгаараа онцлогтой. Эхийн сэтгэл санааг тайван байлгах нь хамгийн чухал. Учир нь эхийн санаа ямар байна нярай яг л тийм, яг адилхан сайжраад явдаг. Энэ бол гарцааүй үнэн, байдаг зүйл.

-Сонин юм шүү?

-Тиймээ. Тэр хүүхэд ээжтэйгээ эхсээр дамжиж, хүйгээр дамжиж урсаж байсан цус, энерги бүхэн нь тэр хүүхдэд шингэсэн байдаг. Хүйн холбоотой гэж ярьдаг шүү. Тэр бүхэн нь холбоотой хэвээр л байдаг учир ээжийн сэтгэл санаа тийм чухал. Ээж хяналтандаа сайн үзүүлж оношлуулж байсан бол харьцангуй гайгүй. Зарим нь анхнаасаа хүүхдээ ийм хүүхэд гарна гэдгээ мэдэж, сэтгэлзүйн бэлтгэлтэй байдаг.

-Танай гэр бүлийн талаар эргэн ярилцъя. Танай бага айлын ганц хүү юм байна шүү дээ. Гэр бүл төлөвлөлтийн хувьд хүүтэй болох төлөвлөгөөтэй байв уу? Ахиад хүүхэдтэй болох төлөвлөгөө бий юу?

-Одоо болно гэж бодож байгаа. Миний нас ч болчихлоо. Гэхдээ ч бас ингэж ярьж болдоггүй л гэдэг юм билээ /инээв. сурв/ Хүүхэд гэдэг бурхны бэлэг учраас ирэх бол өөрөө хүрээд л ирдэг юм билээ. Ирэх л юм бол тосоод л авна. Яг хүүтэй болно гэж ч зориогүй. Жирэмсэн байх үедээ нөхөртөө “Дахиад охин байвал яах вэ, чи яаж хүлээж авах вэ” гэж асуутал “Яах вэ, чи бид хоёрыг хамгийн их хайрлах, бид хоёр бас хамгийн их хайрлах нэг хүн л нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ, хүйс хамаагүй шүү дээ” гэж хариулж байсан нь санаанаас ер гардаггүй. Зарим хүн хүйсийг чухалчилдаг, бидний хувьд тийм ч чухал асуудал биш. Гэвч наанаа ингэж ярьж байгаа хэдий ч яг хүү гарахаар баярладаг л юм билээ /инээв. сурв/ Эрэгтэй хүүхэд их өөр юм билээ.

-Охид нь шинэ хүн, өөрдөөс нь өөр, эрэгтэй хүүхэд төрөхөд хэрхэн хүлээж авч байв?

-Охид маш их баяртай байсан. Харин нэлээд хэдэн сарын дараа “Ёоёо, ээж ахиад хүүхэд гаргахгүй шүү” гэсэн.

-Алдарт эхийн одон авахаар Төрийн ордон руу орж, Ерөнхийлөгчөөс гардан авахыг тань харсан гэр бүлийнхэн тань сэтгэгдлээ танд хэрхэн илэрхийлсэн бэ?

-Тэд бүгд л гоё хувцсаа өмсөөд намайг хүлээсээр тосч авсан. Маш их баяртай байсан. Нэг хөгжилтэй зүйл дуулгахад, манай хамаатны нэг хүн бага хүүг маань “Одонгийн хүүхэд” гэлээ. Гэтэл гурав дахь охин маань “Хэрэв би байгаагүйсэн бол та одон авч чадахгүй л байсан шүү дээ” гэсэн. Нээрэн л тийм, тэдний минь нэг нь л байгаагүй бол одон гэж байхгүй шүү дээ. Тиймээс дөрвөн хүүхэд минь дөрвүүлээ “Одонгийн хүүхэд”.

ШИНЭ ТУФЛЬ АВЧИХААД ХӨЛӨНДӨӨ ХЭВШҮҮЛЭХ ГЭЖ ГЭРТЭЭ
ХОЁР ӨДӨР ӨМСӨЖ ЯВСАН

-Одон авах ёслолыг ээжүүд маш их хүндэтгэж, гоёж ирдэг болсон уламжлал сүүлийн жилүүдэд их ажиглагдах болж. Та энэ ёслолд хэрхэн бэлдсэн бэ?

-Би амьхандаа нэлээд бэлдсэн шүү. Төрийн ордонд орж, Ерөнхийлөгчөөс гардаж авах юм байна гэдгийг дуулаад их сандарч, бэлдсэн. Одонгийнхоо дээлийг жаахан тулгаад захиалга өгснөөс болоод дээл маань гардаггүй, ёслол болох өглөөний 07:30 цагт гарсан. Өглөө 07:00 цагт босч явж дээлээ авчихаад, үс гэзгээ янзлуулсаар байгаад л таарсан.

-Төрийн ордонд өөртэйгээ ижил олон сайхан хүүхдийг төрүүлж өсгөсөн ээжүүдтэй ороод, шагналаа хүлээж зогссон уур амьсгал ямар байв?

-Сүрдмээр, бахархмаар санагдсан. Маш зохион байгуулалттай, нарийн дэг жаягтай байдаг юм билээ. Бидэнд тэр дэг жаягийг танилцуулаад л, хоёр эгнээ болж зогсох, Ерөнхийлөгчийн энэ талаар нь гарч ирж зогсон шагналаа аваарай гээд л нэг бүрчлэн тайлбарлаж, биечлэн үзүүлсэн. Зохион байгуулагчид нь уг нь маш сайн хэлж өгдөг юм билээ.

-Уг нь маш сайн хэлж өгдөг хэдий ч танд санамсаргүй хөгжилтэй зүйл тохиолдож, маш олон хүмүүст эерэг сайхан энерги түгээсэн шүү дээ. Тэр үед танд яг юу тохиолдсон юм бэ?

-Тэр ч ёстой санаандгүй, хөгжилтэй зүйл болчихсон. Би шинэ туфль авчихаад хөлөндөө хэвшүүлэх гэж гэртээ хоёр өдөр өмсөж явсан юм. Сугарах нь бүү хэл бариад байсан туфль маань яг Ерөнхийлөгчийн өмнө очоод сугарчихсан. Арай жаахан наана нь ч сугарчихгүй, яг урд нь очоод сугарчихсан. Сандарсандаа хурдхан өмсөх гэтэл өмсөж болдоггүй. Бичлэг дээр хоёр удаа сугарчихсан юм шиг харагдаад байна лээ. Эхлээд нэг сугарчихаар нь өмсөх гэтэл болдоггүй тэгэхээр нь дахиж нэг авч тавьж байгаад л өмссөн. “Ерөнхийлөгчийг чилээж, удааж болохгүй байх” л гэж их яарсан юм шиг байгаа юм. Ерөнхийлөгч их сайхан, энгийн хүн байна лээ “Зүгээр, зүгээр, нэг мөсөн хоёр гутлаа хоёуланг нь тайлчихгүй юу” гээд маш энгийн хөгжилтэй хэлэхээр нь тайвширчихсан. Түүнээс биш улсын Ерөнхийлөгч гээд хөмсгөө зангидаад зогсоод байсан бол бүр л сандраад биеэ барьчих байсан болов уу.

-Насан туршдаа мартахгүй дурсамжтай боллоо шүү дээ. Эргэн тойрныхон болоод танилууд тань таны энэ үйлдэлд сэтгэгдлээ хуваалцав уу?

-Дахин дахин үзлээ, ямар инээдтэй юм бэ гээд л байна лээ. Таньдаг хүмүүст бүр л инээдтэй санагдаад байх шиг байна лээ. Би ч албан ёсны үйл ажиллагааны ийм хачин хэсгүүдийг хасаад л мэдээлчихдэг байлгүй гээд санаа амарчихсан, гарч ирээд гэрийнхэндээ ч хэлээгүй. Гэртээ ирэхэд одон авсанд минь баяр хүргэхээр ирсэн ээж аав, ах дүү нар минь цуглачихсан, бид хамтдаа хоол цай уугаад сууж байтал “Юу вэ, чи яачихсан юм бэ” гээд л эхэлчихсэн. Ингээд бид өдөржингөө л инээлдлээ. Хүмүүсийн сэтгэгдлийг сонсохоор дандаа л эерэг сайхан хандлагатай байна лээ. Олон хүүхэд төрүүлээд одон авч байгаа болохоор хүүхдүүдийн минь тэр сайхан эерэг энерги нөлөөлсөн юм болов уу даа. Миний хүүхдүүдэд аз жаргал ерөөсөн хүмүүс их байсан. Тэгэхээр нь их тайвширсан.

ААВ ЭЭЖ ХАР БАГААС МИНЬ Л “ГУРВААС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ БОЛ АЙЛ САЙХАН” ГЭЖ ЯРЬДАГ БАЙСАН

-Эмэгтэй хүн бүр өөр өөрийн сонголтоо хийдэг. Зарим нь цөөхөн хүүхдийг илүүд үзэж байхад зарим нь олонтойгоо бужигнаж явахыг чухалчилдаг. Эдийн засаг, нийгмийн байдал ороо бусгаа, төр хүүхдээ хайрлаж, хамгаалж чадахгүй байхад олон хүүхэд хэцүү зэрэг сөрөг мэдээллүүд олон. Энэ дунд та өөрийн үзэл бодлыг хэрхэн хамгаалж байна?

-Олуулаа байна гэдэг хамгийн сайхан. Би гэртээ ганцаараа байж огт чаддаггүй, ганцаараа байхад хоол ч амаар давдаггүй. Хүүхдүүд олуулаа байх тусам бие биетэйгээ харьцаж, сайдаж, муудаж, бие биедээ туслаж, дэмжиж, буруу зөвийг ойлгуулж, ховлох үедээ ховлож, тэр бүрт нь харьцаа явж байдаг учир их л зөв хүмүүжилтэй болчихдог шиг надад ажиглагддаг. Хүмүүс өөр өөрсдийн гэр бүл төлөвлөлтөө л сайн хийх хэрэгтэй байх. Хэт ойр хүүхэд гаргах нь эрүүл мэнд, эдийн засгийн хувьд ч хэцүү. Тиймээс орчин үед гэр бүл төлөвлөлтийг янз бүрээр зохицуулж болдог болчихсон учраас аль болох олон л хүүхэд төрүүлэх нь сайхан. Эхнэр нөхөр хоёулаа л цаг нь ирэхэд өөд болно. Тэд дөрвөн хүүхэдтэй бол хүн амыг хоёроор өсгөж байгаа гэсэн үг. Тиймээс цөөн хүн амтай улс дор хаяж дөрвөн хүүхэдтэй байх ёстой юм байна гэж нэг номноос уншиж байсан. Би өөрөө ч ингэж боддог. Ээж аав маань ч олон хүүхэдтэй байхыг дэмждэг. “Гурваас л дээш хүүхэдтэй бол айл сайхан” гэж хар багаас минь л ярьдаг байсан, тэр нь ч миний ухаанд шингэчихсэн. Нөхөр бид хоёр ч дөрвөн хүүхэдтэй л болъё гэж эртнээс ярьдаг байлаа. Төлөвлөгөө ёсоороо л хүүхэдтэй боллоо.

-Залуу эмэгтэйчүүд нэг, хоёр хүүхэдтэй болчихоод их стрессдэх нь элбэг. Дөрвөн хүүхдийн ээж хүний хувьд, эмч хүний хувьд ийм үеүдээ хэрхэн даван туулдаг туршлагаасаа хуваалцвал?

-Стрессдэх үедээ стресстэлгүй яахав. Гэвч энэ нь бусдад халдварладаг. Хэрэв чи стресстэй бол хүүхдүүд чинь ч стресстэй байна. Угаасаа ийм байдал бий болно гэдгийг тооцсон сэтгэлзүйн бэлтгэлтэй байдаг учир хүүхдүүд энд тэнд орилж чарлах, гэр орон заваан байх, уйлж дуулах бүр нь стрессдэхгүй. Эрүүл саруул, элэг бүтэн, гол нуруу нь л гайгүй бол бусад нь яах вэ дээ гээд жижиг сажиг зүйлд анхаардаггүй. Байнга л гэр орон цэмцийгээд байж байх нь чухал уу, хүүхдүүдтэйгээ тоглож цаг гаргах нь чухал уу гэдгээ бодож, хүүхдүүддээ цаг гаргах гэж хичээдэг. Нийлж, хамтарч гэрээ цэвэрлэх, тоглонгоо ажил хийлгэх зэрэг аргууд хэрэглэдэг.

-Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны гэр бүлд эрүүл энх, аз жаргал хүсье. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Нийт Одон авсан ээжүүддээ баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Нярайн эмч гэдэг цаг наргүй, шөнө оройн цагаар жижүүр хийдэг, ажил дээрээ их удах шаардлага гардаг. Хажуугаар нь хүүхдүүдээ өсгөхөд байнга тусалж дэмждэг ханьдаа, аав, ээж нар, ах эгч, найз нөхөддөө баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ

Эх сурвалж: isee.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

ВИДЕО: Токио хот хархны үүр болсон нь

Япон улсын нутаг дэвсгэрийг өнгөрсөн амралтын өдөр Хагибис далайн шуурга дайран өнгөрөхөд …