Home Нийгэм “Чөлөөт бүс” нэрийдлээр Хятад иргэдийг 30 хоног ВИЗГҮЙ ЗОРЧУУЛНА
Нийгэм - June 13, 2019

“Чөлөөт бүс” нэрийдлээр Хятад иргэдийг 30 хоног ВИЗГҮЙ ЗОРЧУУЛНА

-ЧӨЛӨӨТ БҮСИЙГ НЭЭХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛД БУСДЫН ДААЛГАВАРААР Ч.УЛААН САЙД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ ИРСЭН-

Олон жил хүлээгдсэн Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээхэд бэлэн болоод байна. Тодруулбал, Замын-Үүдийн бүтээн байгуулалтын ажил өрнөж дууссан бөгөөд Хятад улстай харилцан гэрээнд гарын үсэг зурснаар нээгдэх учиртайгаар хүлээгдэж байв. Тэгвэл энэ сарын 02-нд Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан БНХАУ-д айлчлал хийх үеэрээ Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зураад ирсэн юм.

Хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурахаасаа өмнө Ч.Улаан сайд “Надад гарын үсэг зураад ир гэж даалгасан учраас зурна. Гэрээ нь зурагдахгүй байсан учраас Монголын тал ашиглаж чадахгүй байсан. Тэнд үндсэн хөрөнгө ашиглалтгүй байгаад байна. Бүтээн байгуулалтын ажлууд аль хоёр, гурван жилийн өмнө хийгдсэн. Одоо хоёр тал хүлээж авч ашиглалтад оруулах үлдээд байна. Манай талын обьект учраас БНХАУ-аас тавих шаардлага байхгүй” хэмээж байв.

Одоогоос жилийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг БНХАУ-д айлчлах үеэр уг хэлэлцээрийг түргэсгэх санамж бичигт гарын үсэг зурсан. Улмаар Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж яриа хэлэлцээгээ эрчимжүүлсэн байдаг.

Өнгөрсөн гуравдугаар сард ажлын хэсгийн гишүүд БНХАУ-д очиж хэлэлцээрийн заалт бүр дээр нь хамтран ажиллаж, урьдчилсан байдлаар тохиролцон гарын үсэг зуржээ. Засгийн газар уг төслийг хэлэлцээд зөвшилцөхөөр УИХ-д өргөн барьсан бөгөөд Эдийн засгийн байнгын хороо дэмжээд байгаа юм. Хэрэв УИХ Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хэлэлцээрийн төслийг дэмжвэл уг үйл ажиллагаа жигдэрнэ гэсэн үг юм.

Замын-Үүд суманд байгуулах чөлөөт бүсийг 900 га газарт байгуулахаар болсон. Чөлөөт бүс байгуулах шийдвэр гарснаас хойш тус газарт хашаа барьж, БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, ус цэвэршүүлэх байгууламж, гэрэлтүүлэг, цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг нь барьжээ. Үүнд нийтдээ 60 орчим сая ам.доллар зарцуулсан байна. Замын-Үүдийн чөлөөт бүст үргэлжлүүлэн хийх бүтээн байгуулалтын санхүүжилтийн хувьд одоогоор Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээс 30 гаруй сая ам.доллар зарцуулахаар болоод байгаа аж. Өнгөрсөн хугацаанд уг төлөвлөгөөний дагуу тус бүсэд улсын төсвийн болон гадаадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 6.5 тэрбум төгрөг, 58.8 сая ам. долларын бүтээн байгуулалтын болон дэд бүтцийн ажлууд хийгдээд байгаа. Манай улс анх удаа хил дамнасан чөлөөт бүс байгуулах ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа учраас энэ ажлыг анхнаас нь зөв эхлүүлэх нь чухал гэж үзэж, ихээхэн ач холбогдол өгч байгаа. Энэ үүднээс 2019 оны улсын төсөвт 1 тэрбум төгрөг суулгасан, цаашдаа жил жилийн төсөвт тодорхой хөрөнгө тусгагдаад явах юм байна.

-МОНГОЛ ИРГЭДЭД БИШ ГАДААД ИРГЭДЭД АЖИЛ ОЛГОСОН БОЛ АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ЗААЛТ ОРУУЛЖЭЭ-

Ийнхүү олон жилийн замналтай Замын-Үүдийн чөлөөт бүс Ч.Улаан сайдыг гарын үсгээ мутарласнаар хэрэгжиж эхлэх болоод байгаа.

Монгол Улс 1995 онд анх чөлөөт бүсийн үзэл баримтлалтай болж, 2002 онд Улсын Их Хурлаас Чөлөөт бүсийн тухай хуулийг баталсан бол 2015 онд уг хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Мөн Улсын Их Хурлын 2004 оны 17 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс”-ийг байгуулж, нутаг дэвсгэрийн хэмжээг 900 га-гаар тогтоосны зэрэгцээ Засгийн газрын 2004 оны 45 дугаар тогтоолоор чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албыг бий болгож, орон тоог баталсан байдаг. Улмаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.11-д “Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана” гэж заасны дагуу чөлөөт бүсүүд, тэр дундаа Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд Засгийн газраас анхаарч ажиллаж байгаа юм.

Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл нь 7 бүлэг, 24 зүйлтэй. Хэлэлцээрийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгааг хууль санаачлагчид дурдаж байв.

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/-ын төсөлд хоёр зүйл заалт олны анхаарлыг татаж байна.

11 дүгээр зүйл.Чөлөөт бүс дэх визийн тусгай дэглэм

11.1.Хилийн боомтод байрлалтай чөлөөт бүсэд хил залгаа улсын иргэн 30 хоногийн хугацаагаар визгүй, гуравдагч улсын иргэн харилцан зорчих нөхцөлийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу зорчино.

15 дугаар зүйл.Чөлөөт бүс дэх хөдөлмөр эрхлэлтийн тусгай дэглэм

15.2.Чөлөөт бүс дэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсэн бол ажлын байрын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөнө.

Чөлөөт бүсээр дамжуулан гадаад иргэд буюу хил залгаа улсын /Хятад/ иргэдийг 30 хоног визгүй орж ирэх зүйл заалтыг тусгаж өгчээ. Чөлөөт бүс байгуулах сургаар л энэ хардлага дагаж гарч эхэлсэн. Уг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирэх гэж байгаа гадаад иргэн виз авч орох ёстой. Тэр л журмаар виз авч байж орж ирэх учиртай. Орж ирэхдээ тогтоосон хугацаанд, очих газартаа очоод буцаж Монгол улсын нутаг дэвсгэрээс гарах учиртай.

Гэтэл Хятадын иргэдийг ямар ч визгүйгээр 30 хоногийн хугацаанд зорчуулаад зогсохгүй гадаадын иргэнийг ажиллуулж цалин хөлс олгосон иргэн, аж ахуй нэгжийг “ажлын байрны төлбөрөөс бүрэн чөлөөлнө” хэмээн заасан байна. Өөрөөр чөлөөт бүсэд ажил олгогч гадаадын иргэдийг ажиллуулах гэж улайрах нөхцөл байдлыг хуулиар олгосноор урд хөршийн хэдэн сая иргэнийг дураараа холхих бүрэн эрх олгосон ноцтой дүр зураг харагдаж байна.

Эх сурвалж: isee

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Төрийн гурван өндөрлөг соёолонгийн тоос хүртлээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан соё…