Дэлхийн хамгийн том крипто валют болох биткоины ханш хэдхэн цагийн өмнө $10,000-ын босгыг давлаа.

Анх биткоин 2017 оны арваннэгдүгээр сарын 28-нд энэ босгыг нэг удаа давж байсан юм. Тухайн үед ханшийн өсөлт нь оны сүүл хүртэл үргэлжилж, $20,000 хүрч байжээ.

Гэвч 2017 оны төгсгөлөөс эхлэн ханш нь огцом унасаар 2018 оны гуравдугаар сарын 8-нд буцан $10,000-аас доош бууж байв.

Энэ оны эхний улирлын төгсгөлд $3,000-$4,000-ын хооронд хэлбэлзэж байсан биткоины ханш ийнхүү гурван сарын хугацаанд гурван оронтой тоогоор хэжигдэх хувиар өсөөд байна.

Нэгэн үе хил хязгааргүй төлбөр тооцооны хэрэгсэл болно гэгдэж байсан биткоин өнөөдөр “дижитал алт”-ны үүрэг гүйцэтгэх болсон гэж зарим судлаачид үздэг. Гэхдээ крипто валютыг хүлээн зөвшөөрөх явц удаан, хамгийн эрсдэлтэй хөрөнгө оруулалтад тооцогдсон хэвээр байна.

Хэд хоногийн өмнө Фэйсбүүк компани Libra нэртэй крипто валют гаргах төлөвлөгөөгөө зарласан. 2020 оны эхнээс зах зээлд нэвтрэх Libra нь Фэйсбүүкийн үйлчилгээнүүдийн хүрээнд төлбөрийн хэрэгсэл болон ашиглагдах юм.

Гэхдээ Фэйсбүүкийн санаачилга саад бэрхшээлүүдтэй тулгарч эхлээд байна. АНУ-ын конгресс Libra крипто валютын талаар ирэх сард сонсгол хийхээр төлөвлөсөн бол зарим улс төрчид Фэйсбүүкийн төслийг даруй хориглохыг уриалжээ.

Хэрвээ тус компани төслөө амжилттай хэрэгжүүлбэл крипто валютыг нийтийн хэрэглээ болгоход том түлхэц болно гэж судлаачид, мэргэжилтнүүд дүгнэж байна.

Эх сурвалж: Ikon.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Төрийн гурван өндөрлөг соёолонгийн тоос хүртлээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан соё…