Газар хүчтэй хөдлөх, үер усны аюул тохиолдоход нурах эрсдэлтэй барилга байгууламж олон байгаа талаар албаныхан анхааруулж, иргэд ч ярьж эхлэв. Тэр дундаа бороо хур ихээр орж буй энэ үед үерийн аман дээр барьсан орон сууц үерт автах, суулт өгөх эрсдэлт нөхцөл бүрджээ. “Нийслэлийн хэмжээнд хэдэн зуун мянган хүний амь нас, хэдэн арван сая ам.доллараар үнэлэгдэх эд хөрөнгө хэдхэн хормын дотор үгүй болж мэдэх аюул хаяанд ирээд байна”хэмээн анхааруулсан хүн бол барилгын инженер, Монголын зам барилгын материалын химийн инженерүүдийн холбооны тэргүүн Ж.Баяраа. Түүнтэй дээрх асуудлын хүрээнд ярилцлаа.

-Нийслэлийн иргэдэд ямар бодит аюул тулгараад байна вэ. Танай холбооныхон энэ тухайд ямар тооцоо судапгаа хийгээд байна вэ?

-Би 1982 онд Дарханы барилгын техникум төгсөөд бүхий л томоохон үйлдвэрийн өргөтгөл дээр ажилласан. Барилгын цэргийн 017 дугаар ангид алба хааж байлдагчаас ажлын гараагаа эхэлсэн хүн. ОХУ-ын эрдэм, чадалтай олон хүний буянаар барилгын инженер мэргэжлийг эзэмшсэн. Тухайн үед ажлаа хийж чадсан нь барилгын инженер, чадахгүй нь хуулийн байгууллагын хаалга татдаг байлаа. Хариуцлага, сахилга, дэг журам өндөр байсан. Гэтэл 1990 оноос хойш энэ бүхэн үгүй болж хэн дуртай нь барилгын салбар руу хошуурч үүнийг дагаад барилгын шинжлэх ухаан, барилга, барилгын материалын үйлдвэрлэлд мөрддөг норм норматив ч үгүй болсон. Уг нь Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн болон Геологийн шинжлэх ухаан хоорондоо салшгүй нягт холбоотой, хамтын уялдаатай явснаар бүтээн байгуулалт өрнөдөг. Асар нарийн шинжлэх ухаан атал 1990 оноос хойш энэ бүхнийг албаар дампууруулсан. Үнэнийг хэлэхэд, дээд дарга нар улсын төсвийн хөрөнгийг дураараа идэж, үгүй хийхийн тулд Барилгын зургийн институц, Хөдөө аж ахуйн зургийн институцыг татан буулгасан. Үүний хор уршгийг өнөөдөр энгийн иргэд “хүртэж”, барилгын салбарынхан бүтээн байгуулалт биш “үхлийн архив” болох өндөр цамхгууд барьж, үндэсний аюулгүй байдал алдагдаж байна. Би өөрөө уйлж, дуулж байж барилгын инженер болсон хүн. Тиймээс ч энэ асуудалд ач холбогдол өгч бие даан судалж, шинжилж явна.

Монголын Зам, барилгын материалын химийн инженерүүдийн холбоо, мэргэжлийн инженерүүдийн санаачилгаар 1996 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцны барилга байгууламжуудад үзлэг, шалгалт хийхэд Улаанбаатар хотын нийт барилга байгууламжийн 80-90 хувьд нь цууралт бяцралт үүсч, цаашид он удаан жил ашиглах боломжгүй болсныг илрүүлээд байна.

Дан ганц нийслэлд бус 21 аймагт дөрвөн давхраас дээш барьсан орон сууцны иргэдэд энэ аюул тулгараад байна. Манай холбоо УИХ-ын гишүүн А.Сүхбатын ажлын албаныхантай хамтран эвдрэл, цууралт үүсээд байгаа 360 гаруй барилгын зургийг баримтжуулан олон нийтэд мэдээлж эхлээд байна. Үүний шалтгаан нь маш энгийн. 1990-ээд оноос хойш Монголын бараг бүх барилгын компани Туул голоос олборлосон элс, хайргыг ашиглан барилга барьж байна. Гэтэл голын тохойн ийм элс хайрга, стандартын шаардлага хангахгүй, барилгын даацыг дийлэхгүй. Хүнээр бол ясны сийрэгжилттэй барилга олонх байна.

-Таны хэлснээр сүүлийн жилүүдэд барьсан барилга, байшин бүгд чанаргүй, хэзээ мөдгүй нурахад бэлэн болсон хэрэг үү?

-Монгол Улсад барилга барьж байгаа захиалагч болон гүйцэтгэгч компанийн барилгын инженерүүд арматур, цемент, элс, дайрганы физик, механик шинж чанар болон түүхий эдийнхээ химийн найрлагыг огт мэддэггүй учир шаардлага хангасан барилга яаж барих вэ дээ.

Цементийн химийн найрлагыг лабораторийн инженерүүд бага зэрэг мэдэх байх. Харин арматурын химийн найрлага, цемент, дайрганы химийн найрлагыг огт мэддэггүй. Жишээлбэл, олон улсад М-425, М-525 маркийн цементээр барилга, байшин барихаа больсон. Гэтэл манайд М-425 маркийн цемент ашиглаж байна. Энэ талын мэргэжлийн хүн Монголд бий. Харамсалтай нь, Менделеевийн нэрэмжит Хими, хими технологийн сургууль төгссөн эрдэс бодис минерологийн инженерүүд өнөөдөр гудамжинд лааз өшиглөөд явж байна.

Үнэндээ манай улс шиг барилгын шинжлэх ухаан нь хэдэн зуун жилээр хоцорсон улс орон хаана ч байхгүй. Энэ бүхэн зөвхөн шинжлэх ухааны институтийг нурааснаас үүдэлтэй. Аливаа улс орон хөгжихийн тулд шинжлэх ухаандаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Энэ салбарт улсын төсвийн орлогын хоёр хувийг зарцуулах ёстой. Гэтэл манай төрийн өндөрлөгүүд шинжлэх ухаан улс оронд ямар их ач холбогдолтойг сайн мэдэхгүй байна. Саяхан Ерөнхий сайд Шинжлэх ухааны хүрээлэнгийнхэнтэй уулзсан байсан. Түүх, археологийн хүрээлэнгийнхэн орчин үеийн шинжлэх ухааны технократуудыг төлөөлж чадахгүй. Тэдний шинжлэх ухаан тусдаа. Миний яриад байгаа шинжлэх ухаан өөр юм.

-Манай улсын барилга байгууламжууд газар хөдлөлтөд хэр тэсвэртэй мөн насжилтын тухайд дэлхийн жишигт хүрч чадаж байна уу?

-Япончууд 500-600, солонгосчууд 400-500 жилийн настай газар хөдлөлтийн 12 балл-д тэсвэртэй барилга байшин барьдаг бол манайхан 30-40 жилийн настай барилга ч барьж чадахгүй байна. Инженерийн ганцхан алдаанаас болж хормын дотор бүх зүйл үгүй болдог. Иймээс бид орон сууц, инженерийн барилга байгууламжуудын гол хүчин зүйл болох элс, дайрганы хими, физик, механикийн стандартыг зайлшгүй баримталж ажиллах ёстой юм. Гэтэл манайхан үүнийг тоож анхаардаггүй. Үнэнийг хэлэхэд, манай барилгачид химийн ганц элемент болох SiO2-ыг мэдэхгүйгээс үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрээд байна. Улаанбаатар хотод “Чингис”, “Баянгол”, “Улаанбаатар” зочид буудал зэрэг стандартын дагуу баригдсан гарын таван хураанд багтахаар барилга бий. Эдгээр барилгыг гаднынхан өндөр өртгөөр, стандарт, норм журмын дагуу барьсан учраас тэр. Харин бусдыг нь Туул голынхоо шороогоор барьсан. Тодруулбал, элсэн дэх кварц буюу SiO2 нь 50-60 хувийн агууламжтай, шорооны агууламж нь 10-20 хувьтай шороогоор бетон зуурч байна. Шороо нь органик, цемент нь органик бус учраас шороо нь цементээ 10-15 жилийн хугацаанд идэж үгүй хийдэг. Ялангуяа, сүүлийн жилүүдэд барьсан бүх барилга үүнд хамаатай. Аюул хаяанд ирсэн гэж хэлээд буйн учир энэ. Газар дээр нь очоод шалгавал бүгд ан цав үүсч, хэзээ мөдгүй салж унах аюул тулчихсан байгаа. Үүнд нөлөөлж буй хоёр дахь шалтгаан нь нийслэлийг бүтэн тойрсон газар хөдлөлтийн идэвхтэй бүс юм. Уг нь газар хөдлөлтийн үед байшин, барилга доод тал нь 40-60 минут тэсвэрлэх ёстой. Гэтэл манай барилгууд 5-10 минут тэсэх болов уу. Дээр нь манай барилгынхан ном уншихгүй, биеэ дайчлахгүй, адаглаад өөрийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн нь гай тарьж байна уу, гавьяа байгуулж байна уу гэдгийг мэддэггүй. Иймээс барилгын салбарт ажил амьдралаа зориулсны хэрэг юу билээ, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр “Барилга байгууламжийн ажилд хэрэглэх баяжуулсан элс, дайрга, ширхэглэлийн химийн найрлага МNS36713:2018” стандартыг 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд Стандартчилал хэмжил зүйн газраар батлуулсан. Гэтэл одоо энэ стандартыг ч мөрдөхгүй юм. Энэ стандартыг Засгийн газраар батлуулж байж сонгон хэрэглэх стандартад оруулна гэсэн. Монголын зам барилгын материалын химийн инженерүүдийн холбооноос ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд хүсэлт тавьсан. Хүсэлтийн хариуг хараахан ирүүлээгүй байна.

-Өмнө нь ямар стандарт мөрддөг байсан юм бэ. “Барилга байгууламжийн ажилд хэрэглэх баяжуулсан элс, дайрга, ширхэглэлийн химийн найрлагын стандартыг мөрдөх нь ямар ач холбогдолтой вэ?

-Мeнделеевийн нэрэмжит Хими, хими технологийн их сургуульд эрдэс бодис минерологийн чиглэлээр олон арван залууг сургах ёстой. Тэд барилгын материалын үйлдвэрүүдийн химич, химийн технологийн инженер болж ирнэ. Тэр болтол барилга барихаа түр зогсоох хэрэгтэй. Эс бөгөөс ОХУ-ын Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн институт, Шинжлэх ухаан технологийн институтэд хандаж хөндлөнгийн буюу гуравдагч этгээдийн буюу мэргэжлийн байгууллагын үнэлэлт дүгнэлт, заавар зөвлөгөө авах ёстой. Энд Засгийн газар гар татах хэрэггүй. Аливаа улс орон хоёр зүйлд гол анхаарлаа хандуулдаг. Эхнийх нь, цэвэр усны ундаргаа хамгаалах, хоёр дахь нь бетон зуурмаг, арматур, цементийн чанар стандартын байдлыг чанд сахих. Онц чухал түүхий эд материал гэсэн үг. Тухайн улс орны нийт ард иргэдэд хамаатай буюу иргэдийн үл хөдлөх, орон байрны аюулгүй байдал, амь настай шууд хамааралтай болохоор тэр. Өмнө нь 1960 онд баталсан стандартыг баримталдаг байсан. Энэ нь 3-4 давхар барилга байшинд тохирох стандарт. Гэтэл одоо 10 ба түүнээс дээш давхартай барилга байшин сүндэрлэж байна шүү дээ. Иймээс нэн даруй шинэчлэх хэрэгтэй байсан. Харамсалтай нь, энэ стандартыг ойлгож, дэмжиж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хамаарах зүйл гэдэгт санаа зовсон мэргэжилтэн, дарга, сайд Барилга хот байгуулалтын яам болон холбогдох бусад байгууллагад байгаагүй учраас энэ стандартыг батлуулах гэж миний бие нийгмийн хариуцлагаа ухамсарлаж 10 гаруй жилийн хүч хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулсан. Стандартчилал хэмжилзүйн үндэсний төвийн Техникийн үнэлгээний хороонд ч энэ талын мэдлэгтэй хүн байхгүй. Ер нь энэ стандартыг баталснаар ямар үр ашиг, өгөөжтэй талаар мэдэхийг ч хүсдэггүй. Энэ стандарт зөвхөн барилгын салбарт хамааралтай биш.

Асфальт болон бетон авто зам барихад ч баримтлах ёстой. Өнөөдөр барьж босгосон зарим авто зам нэг жил байтугай гурван сарын эдэлгээ даахгүй байна. Элсээ угааж баяжуулахгүй, хийх ёстой дайргаараа хийгээгүй учраас ийм байдалд орж байна. Нөгөө талаар манайх шиг авто замаас нь тоос гардаг улс орон байна уу. Баяжуулсан элсийг ашиглавал ийм зүйл хэзээ ч болохгүй. Бидний ганц алдаа энэ.

-Тэгэхээр цаашид яах ёстой вэ?

-Үнэхээр олборлолт явуулж байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй байна. Зөвхөн монголчууд ч биш Хятад, Солонгосын компаниуд ч сүүлийн 20 гаруй жил хуурамч бетон зуурмаг үйлдвэрлэж нийслэлчүүдэд маш их гай тарилаа. Иймээс засаг, холбогдох төрийн байгууллагууд түгээмэл тархацтай ашигт малтмалын лиценз, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл, тохирлын гэрчилгээг олгохдоо дээрх стандартыг баримталдаг байх хэрэгтэй. Тодруулбал, олборлож байгаа элсээ олон улсад хэрэглэж байгаа техник технологийн дагуу баяжуулж SiO2 88.2-98.7 хувьд хүргэх, органик бодис болох шороо, тоосны хэмжээг нэг шоо метр элсэнд 0.1 хувиас ихгүй байлгах ёстой. Гэтэл . Монголд элсэнд 10-30 хувийн шороо тоос хэрэглэж байна. Ингэж стандарт тогтоогоогүй тохиолдолд байшин барилгууд газар хөдлөлтийн ес байтугай гурван баллд ч тэсэхгүй. Хатуухан хэлэхэд, тухайн байшинд ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийг аврах боломжгүй нурна. Хүмүүсийг айлгах гэж ингэж хэлсэнгүй. Энэ бол бодит үнэн. Чанартай барилгыг сайн чанарын материалаар л барина шүү дээ.

-Үнэхээр бодит байдал ийм аюултай хэмжээнд хүрсэн юм бол өнөөдрийн байдлаар манай барилгууд хэдэн жилийн настай гэж та хэлэх вэ?

-15-20 жилийн настай. Та ч өөрөө гэсэн байшингийнхаа насыг тодорхойлж болно. Барилгын зоорийн давхар, хана, тааз, шал гэх мэт хийц эдлэлд ан цав, хагарал цууралт өгсөн бол миний барилга зээлээ төлөхөөс өмнө нурна гэж бод. Би худлаа сүрдүүлээгүй. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Хагархай ваар, ан цав үүссэн аяга, шаазан хэр уддаг билээ. Яг л түүнтэй адил.

-Таны хэлснээр нурах эрсдэлтэй барилга байгууламж олон байгаа юм байна. Тэгвэл бодит байдал эрсдэл үүсвэл иргэдийг төдийгүй эд хөрөнгийг нь хамгаалах эрх зүйн орчин манайд бий юү?

-Хэн ч хариуцлага хүлээхгүй. Үүнийг хуульд тусгаагүй. Жишээлбэл, таны амьдарч буй орон сууц нурлаа гэж болоход Барилгын яам, мэргэжлийн хяналт, гүйцэтгэгч компанийн хэн нь ч хариуцлага хүлээхгүй. Олон жилийн өмнөөс Улаанбаатарын барилгын дийлэнх нь газар хөдлөлт болбол нурах аюултай гэж анхааруулж ирсэн.

Гэтэл өдгөө баригдаад 10 орчим жилийн нүүр үзэж байгаа барилгууд газар хөдлөлт болоогүй байхад хар аяндаа цуурч эхэлжээ. Энэ бол хэдэн жилийн дараа барилга газар хөдлөлт болоогүй байхад ч нуран унах аюултай гэсэн үг.

Хэрвээ цууралт үүссэн байх юм бол нурах аюултай гэсэн үг. Энэ уг нь таны өмч хөрөнгө, аюулгүй амьдрах орон гэр тань. Гэтэл өчнөөн хөрөнгө мөнгөөр барьсан барилга тань жил ирэх тусам суулт, цууралт өгч үнэгүйдэж байна. Цаашилбал нурж унаж, амь нас эрүүл мэндээрээ хохирох ч эрсдэл байна. Аймшигтай байгаа биз. Яг ийм цууралт, суулт, ан цавтай байшингууд байвал бидэнд хандаарай. Монгол Улсад өнөөдөр гамшиг үүсгэж болзошгүй байгаа энэ’ асуудлыг хамтдаа хөндөн тавьж, тэмцэцгээе, амь нас эрүүл мэндээ хамгаалцгаая. Бүгдээрээ хамтдаа Монгол Улсад барилгын стандартыг сайжруулахыг шаардан амь нас эд хөрөнгөө хамгаалъя.

Г.Нямсүрэн

Эх cурвалж: “Монголын үнэн” сонинImage result for монголын үнэн сонин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Төрийн гурван өндөрлөг соёолонгийн тоос хүртлээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан соё…