Хүмүүс эрүүл амьдралын хэв маяг гэхээр дасгал хөдөлгөөн хийж, сайн унтаж амрах, чанартай хоол хүнс хэрэглэх тухай л боддог. Гэвч эдгээр нь хүнийг бие махбодийн хувьд л эрүүл, чийрэг байлгахад чиглэгдсэн бөгөөд үүний цаана нийгмийн эрүүл мэндийн асуудал орхигдох нь олонтаа.

Саяхан Plos One сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас үзвэл хүний стрессийн түвшин, аз жаргал, эрүүл мэндийг тодорхойлоход дасгал хөдөлгөөн, зүрхний цохилт, нойрны чанар зэрэг мэдээллээс илүүтэйгээр тухайн хүний нийгмийн хүрээлэл нь чухал ач холбогдолтой гэжээ.

“Тогтмол оролцдог нийгмийн үйл ажиллагаа, дуртай зүйлс, танилын хүрээлэл зэрэг нь тухайн хүний эрүүл мэндийн байдлыг тодорхойлогч чухал хүчин зүйл юм” гэж уг судалгааг хийсэн Нотр Дамын Их сургуулийн профессор Нитиш Чавла ярьсан байна. Тэрээр өмнө нь хийгдэж байсан олон арван судалгаанд үндэслэн ийм дүгнэлтэд хүрсэн бөгөөд найз нөхөд, гэр бүл, хань ижил буюу нийгмийн зүгээс авч буй дэмжлэг нь бие махбодь болон сэтгэл зүйн эрүүл мэндэд хүчтэй нөлөө үзүүлдэг хэмээн тэрээр тайлбарлажээ.

Ганцаардал нь өдөрт 15 ширхэг тамхи татсантай адил хэмжээний сөрөг нөлөө үзүүлдэг.

Өөрөөр хэлбэл, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох нь стрессийн түвшин бага байх, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах, эерэг зан чанарыг өөртөө төлөвшүүлэх, өвчин туссан ч богино хугацаанд эдгэрэх зэрэг олон давуу талыг бий болгодог аж. Эсрэгээрээ нийгмээс өөрийгөө тусгаарлаж холдуулах нь архаг өвчинд нэрвэгдэх, сэтгэцийн эрүүл мэнд муудах шалтгаан болдог гэжээ.

Түүнчлэн ганцаардал нь өдөрт 15 ширхэг тамхи татсантай адил хэмжээний сөрөг нөлөө үзүүлдэг болохыг эрдэмтэд батлан хэлдэг билээ. Тэгвэл дэлхий даяар эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэгч Cigna компани хүмүүсийн хооронд нүүр тулсан амьд харилцаа багасаж, сошиал медиад их цаг зарцуулахын хэрээр ганцаардалд автах нь нэмэгддэг болохыг судалгаагаар тогтоожээ. Гэхдээ хүйс, орлого зэрэг нь ганцаардалд хүчтэй нөлөөлдөггүй, харин ч нас нэмэгдэхийн хэрээр хүмүүс ганцаардах нь багасдаг гэсэн байна. Энэ нь тэдний үзэж туулсан амьдралд, хуримтлуулсан туршлагатай холбоотой гэж уг судалгааг хийсэн доктор Стюарт Лустиг ярьжээ.

Найзтайгаа нэг газар хамт ажилладаг хүмүүсийн 96 хувь нь амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэсэн судалгааны үр дүн гарчээ.

Мөн тэрээр гэр бүл, найз нөхдөдөө цаг гаргахын ач холбогдлыг онцлон дурдаад,  нүүр тулсан бодит харилцааг сошиал медиагаар орлуулж болохгүй гэсэн байна. “Аливаа технологийг илүү утга учиртай харилцаа бий болгох, өөрийн нийгмийн хүрээлэлд байгаа хүмүүстэйгээ холбоо харилцаагаа таслахгүй байхад л ашиглах хэрэгтэй” хэмээн Лустиг ярьсан байна. Үүнээс гадна хамт ажилладаг хүмүүстэйгээ ажлын холбогдолгүй яриа өрнүүлэх, танихгүй хүнтэй бага ч болов харилцаа үүсгэх зэрэг хүмүүсийн төдийлөн ач холбогдол өгдөггүй жижиг үйлдлүүд эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдгийг онцлон хэлжээ.

Эх сурвалж: Time.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Төрийн гурван өндөрлөг соёолонгийн тоос хүртлээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан соё…