Home Нийтлэл Дэлхийн шоу бизнесийн “акул” ажил, амьдралын түүхээс
Нийтлэл - May 30, 2019

Дэлхийн шоу бизнесийн “акул” ажил, амьдралын түүхээс

Английн шоу бизнесийн томоохон төлөөлөгчдийн нэг, теле реалити шоуны хамгийн нэр хүндтэй шүүгч, хөгжмийн магнат, продюссер, “A&R” компанийн Гүйцэтгэх захирал, бизнесмен, авьяаслаг менежер, шүүмжлэгч Сайман Коуэлл монголчуудын эчнээ танил эрхэм. Бид энэ удаагийнхаа “ХҮМҮҮС” буланд түүний тухай онцолж байна.

Хүүхэд насаа дэлхийн кино ертөнцийн шилдгүүдтэй хамт

Саймон Филип Коуэлл 1959 оны аравдугаар сарын 7-нд Эрик, Жюли Коуэлл нарын хүү болон мэндэлжээ. Тэрбээр дүү Николасоос гадна дөрвөн ах, эгчтэй. Майкл, Тони хоёр Саймоны ээжийн анхны гэрлэлтээс төрсөн бол Жон, Жун нар аавынх нь анхны эхнэрээс гарсан хүүхдүүд аж.

Саймоны гэр бүл түүний багад кино болон телевизийн студиэрээ алдартай Элстриид байсан бөгөөд тэрбээр дэлхийн кино ертөнцийн аугаа ододтой тоглож өсчээ. Саймоны сурагч нас Дувр дахь дотуур байранд өнгөрсөн бөгөөд тэрбээр тийш очихыг хүсдэггүй, үргэлж эсэргүүцдэг байсан аж.

Дотуур байранд амьдарч байгаа нь эцэг эхийнх нь буруу. Тиймээс тэрбээр түүнийг нь мэдрүүлэхийн тулд гэр лүүгээ байнга захидал илгээдэг байжээ. Саймон 16 нас хүрмэгцээ сургуулиа орхисон байна.

Хөгжмийн карьер

Тэрбээр ажлын гараагаа Элстрий студийн зарлагаар эхлүүлж байжээ. Тэндээсээ “EMI мюзик”-ийн шуудангийн албанд орсон ч ахиж дэвших ямар ч боломжгүй ажил хийж байгаадаа гуниглаж, удалгүй ажлаасаа гарсан байна. Тэндээс өөрийн үзэн яддаг үл хөдлөх хөрөнгийн зуучлалын газарт ажиллах болжээ.

Саймоныг “EMI мюзик”-ээс буцаж ирэн, өөр хэлтэст ажиллахыг гуйсан ч тухайн үед Саймон Пит Уотермантай танилцаж, багш шавь болсон байжээ. Түүнтэй танилцаж, хөгжмийн бизнест хөл тавьсандаа Саймон өнөөдрийг хүртэл талархаж явдаг аж.

Анхны чухал алхам

Саймон “EMI мюзик”-ийг орхисны дараа хуучин хамтрагч нартайгаа хамтран ажилласан ч амжилтад хүрээгүй тул тэд тус тусын замыг хөөцгөөжээ. Дараа нь тэрбээр дөнгөж нээгдээд байсан “Iain Burton – Fanfare Records”-той үргэлжлүүлэн ажилласан байна.

Шалдар он жилүүд

“Soldier, soldier” дуу нь 90-ээд оны эхэнд телевизийн агуу хит болж байв. Тус дууг Робсон Грийн, Жером Флинн нар дуулжээ. Тэд мөн “Unchained Melody” дууг дуулсан бөгөөд Саймон түүнийг амжилтад хүрнэ гэдгийг мэдэж байсан тул тэдэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулахын төлөө уйгагүй зүтгэсэн байна.

Тэд Саймонтой хамтран ажиллаж, эхнийхээ дуугаа бичүүлжээ. Тэдний хоёр дахь бүтээл “I believe” нь хит болж, 1995 оны хамгийн их борлуулалттай цомгоор нэрлэгдэж байсан аж.

Тэрбээр “The Spice Girls”-той ажиллаж, дараа нь “Westlife”-ынхантай учирчээ. Саймон тухайн үед тэдний менежер Луис Уолштой уулзан, гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлснээр тус улсын хөгжмийн ертөнцөд цахиур хагалсан хөвгүүдийн хамтлагийг гаргаж иржээ. Харамсалтай нь, тэдний анхны бүтээл жагсаалтад тэргүүлсэн өдөр Саймоны аав тэнгэрт хальж, сэтгэл хөдлөл мэдээжийн хэрэг дээд түвшинд байгаагүй байна.

Тэр цагаас хойш “Westlife” хэдэн мянган альбом, сингл гаргаж, нэр алдар нь цуурайтжээ.

Теле амжилт

Саймон 2001 онд Саймон Фулер, Найжел Литго нартай хамтарч ажиллахаар шийджээ. Тухайн үед “Поп айдол” шоуны шүүгчээр Пит Уотерман, Нил Фокс, Ники Чепмен нар, харин Ант, Дек зохион байгуулагчаар ажиллаж байсан бөгөөд Саймоныг шүүгчдийн бүрэлдэхүүнд оруулсан байна.

Хоёр улирлын турш энэ бүрэлдэхүүнээрээ шоуг шүүсний дараа Саймон Фуллер “Idol”-ыг орхин “Америкийн шүтээн” шоу нэвтрүүлгийг санаачлан эхлүүлжээ. Сүүлд Саймон Паула Абдул, Рэнди Жэксон нартай шоуг шүүх болсон байна.

Тухайн үед Саймоныг ямар дүр төрхтэй байсныг мэдэх хүмүүс түүний шүд цагаан болчихож, үрчлээс нь арилчихаж гэх мэтээр баалж, гоочилсоор байж. Саймон 2010 онд “Idol”-ыг орхиж, Америкт “X factor” шоуг нээхээр ажиллаж эхэлсэн байна.

Английн “X factor”

Саймон 2004 оноос Их Британид “X factor” шоуг амжилттай эхлүүлсэн бөгөөд өдгөө телевизийн нэр хүндтэй топ шоу хэвээр байгаа аж. Тус шоуны хамгийн тод од бол Леона Льюис бөгөөд “Summertime”, “One Direction” гайхалтай тоглолтоороо дэлхийн шүтэн бишрэгчдээ байлдан дагуулжээ.

Жилийн жилд шүүгчид нь өөрчлөгддөг ч хамгийн үзүүштэй, хамгийн сайхан шоу болон, нэр хүнд нь өсөн нэмэгдсээр байгаа аж. Хүмүүс телевизийн олон шоуны талаар ярилцдаг ч “X factor” хамгийн шилдэг нь гэлцдэг байна.

“Авьяаслаг британичууд”

“Авьяаслаг британичууд” шоуг 2007 онд нээсэн бөгөөд Саймон Аманда Холден, Пирс Морган нартай шүүгчээр нь ажиллах болжээ. Пирс шоуг орхиж, Саймон 2011 онд ганцаараа үлдэж, улмаар хоёр шинэ шүүгчтэй хамт шүүх болсон нь Майкл Макинтайр, Дэвид Хассельхофф нар байв. “Got Talent” формат нь дэлхийн өнцөг булан бүрт амжилттай нэвтэрсэн билээ.

“X factor USA

АНУ-д 2011 оны намар “FOX”-оор “X factor USA” шоу гарч эхэлж, Л.А.Рейд, Паула Абдул, Николь Шерзингер нар шүүгчээр ажиллаж, хөтлөгч нь Стив Жонс байсан бөгөөд 12 сая үзэгчтэй хит шоу болжээ.

Шоуны хоёрдугаар улиралд Паула, Николь нарын оронд Бритни Спирс, Деми Ловато нар шүүгчээр ажиллахаар ирсэн бөгөөд энэ улиралд шоуны үзэгчдийн тоо буурсан байна.

“X factor” шоуны гуравдугаар улиралд Саймоны хамт Келли Роусланд, Полина Рубио, Деми нар шоуг шүүжээ. Харамсалтай нь, үзэгчид шоуг цаг тухайд нь үзэж чадаагүй аж.

АНУ-ын хамгийн өндөр орлоготой телевизийн алдартнуудын жагсаалтыг “X Factor” шоуны шүүгч Саймон Коуэлл тэргүүлсэн талаар “Форбс” мэдээлж байв. “X Factor” шоуг дэлхийн 40 гаруй улсад зохион байгуулдаг бол “Авьяаслаг америкчууд” шоу нь хамгийн амжилттай борлогдсон телевизийн франчайзинг юм.

Хувийн амьдрал

Саймон Баруун Лондон, Лос Анжелест байшинтай. Марбеллад тохилог харштай, Дубайд үл хөдлөх хөрөнгөтэй. Тэрбээр машинд дуртайгаа нуудаггүй бөгөөд өдгөө Rolls Royce Phantom, Ferrari California, Jaguar Speedster, Bronco Jeep, Bentley-тэй бөгөөд 2011 онд ухаалаг автомашин худалдан авч, олныг гайхшруулжээ.

Саймон шинэ жилийн баяр, Христмасын амралтын өдрүүдээ голдуу Барбадост амарч өнгөрүүлдэг. Сэнди Лэйнд очих дуртай, “Slipstream” тансаг зэрэглэлийн дарвуулт онгоцоор далайд аялдаг. Зуны амралтаа Газар дундын тэнгист очиж, Итали болон Францын өмнөд нутгийн далай орчимд өнгөрөөдөг байна.

Дотно харилцаа

Саймонд эдгээр он жилүүдэд цөөнгүй дотно харилцаатай бүсгүйчүүд байжээ. Эхнийх нь загвар өмсөгч Жеки Сент-Клер бөгөөд түүнтэй 80-аад оны эхэнд танилцжээ. Тэдний харилцаа удаа үргэлжлээгүй ч Жеки өнөөдрийг хүртэл Саймоны хамгийн ойрын, итгэлт нөхдийнх нь нэг хэвээр байдаг аж. Жеки нөхрийн хамт амралтын өдрөө Саймонтой өнгөрүүлж, тэд хамтдаа хооллодог байна. Дараа нь Саймон Синиттатай 80-аад оны дунд үеэс болзож эхэлсэн бөгөөд хэдий хэр хугацаанд тэдний харилцаа үргэлжилсэн нь тодорхойгүй байдаг аж. Синитта бүсгүй Жекийн адил Саймоны ойр дотны найз хэвээр үлджээ.

Саймоны хамгийн удаан болзсон бүсгүй нь Терри Сеймур аж. Энэхүү сэтгэл татам тачаангуй бүсгүйтэй тэрбээр 1990-ээд оны эхэн үед танилцжээ. Тэд 2008 оны намар хоёр тийш болсон аж. Терри мөн л Саймоны сайн найз хэвээр үлдсэн байна.

Саймон 2011 онд өөрийн нүүр хувиргагч Межган Хуссейнтэй болзож эхэлснээ зарласан ч удалгүй хоёр тийш болж, мөн сайн найзууд хэвээр үлджээ.

Саймон Коуэлл, түүний найз бүсгүй Лорен Силвермэн нар хүүхэдтэй болсноо зарлав. Хүүгээ Эрик хэмээн нэрлэсэн Саймон ийнхүү хожуу аав болжээ. Эрик 2014 оны хоёрдугаар сарын 14-нд мэндэлсэн байна.

Түүний залуу харагддагийн нууц

Саймон Коуэлл өдгөө 60 настай. Түүний залуу харагддагийн нууц 24 каратын алтны хольцтой, хонины эхсээр хийсэн гоо сайхны бүтээгдэхүүнтэй холбоотой аж. Түүний хэрэглэдэг энэхүү бүтээгдэхүүнийг Калифорни мужийн “Lancer” арьс судлалын клиникийн эмч нар анх бүтээжээ. Саймон Коуэлл залуу насаа хадгалахын тулд олон төрлийн амин дэм, витамин хэрэглэдэг байна. Өмнө нь тэрбээр дэлхийд алдартай “Ботокс” хэмээх тариаг духныхаа үрчлээг арилгах зорилгоор тариулж байсан ч хожим татгалзжээ.

 САЙМОН: ДЭЛХИЙГ БАЙЛДАН ДАГУУЛСАН ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН ҮР УДМААРАА БАХАРХАХ БАЙСАН БИЗ ЭЭ

Саймон Коуэллийн санаачилсан “Got talent” шоу дэлхийн 193 улс оронд зохион байгуулагдаж, 67 оронд амжилттай нэвтэрсэн, 500 сая гаруй үзэгчтэй шоу билээ. 2006 оноос хийгдэж эхэлсэн тус шоуг Youtube дээр зургаан тэрбум хүн үзэж, “Гиннесийн рекорд” тогтоожээ. Гэр бүлийн бүх гишүүний таашаалд нийцдэг онцлогтой тус нэвтрүүлгийг Монгол Улсад бүтээх албан ёсны эрхийг Монгол ТВ авч, хоёр ч удаа амжилттай зохион байгуулсан билээ.

Саймон Коуэлл 2015 онд “Цагтаа дэлхийг байлдан дагуулсан их эзэн Чингис хаан үр удмаараа бахархах байсан биз ээ” хэмээн хэлж байв.

Эх сурвалж: People, Lifestyle, Person, news.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Төрийн гурван өндөрлөг соёолонгийн тоос хүртлээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан соё…